Оросын орчин үеийн түүхэнд болсон хамгийн өрсөлдөөнгүй сонгуулиар Нэгдсэн Орос нам хамгийн олон суудалтай боллоо
Дайны цаг үед анх удаа болсон Оросын парламентын сонгуулийн албан ёсны үр дүнг Баасан гарагт зарлажээ. Жинхэнэ сөрөг хүчнийг өрсөлдөөнөөс хасаж, дайныг шүүмжлэхийг хуулиар хориглосон, улс төрийн хатуу хяналттай нөхцөлд болж өнгөрсөн энэ сонгуулиар Нэгдсэн Орос нам Оросын парламентын доод танхимд түүхэндээ байгаагүй олон суудалтай болсон байна. Сонгуулийн Төв Хорооны дарга Элла Памфиловагийн мэдээлснээр Нэгдсэн Орос нам 450 суудлын 349-ийг авч, 2016 онд авсан өмнөх дээд амжилт болох 343 суудлаа ахиулжээ. Коммунист нам 37, Либерал Ардчилсан нам 23, Шинэ Хүмүүс нам 19, Шударга Орос нам 17 суудал тус тус хувааж авсан байна. Мөн Украины дайны ахмад дайчид анх удаа сонгуульд өрсөлдөж, 46 суудал авсныг Памфилова мэдээлжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улс төрд орсон ахмад дайчдыг Оросын “шинэ элитүүд” хэмээн удаа дараа магтан сайшааж байсан юм. “Энэ бол маш сайн хэрэг. Манай баатруудын туршлага өндөр эрэлт хэрэгцээтэй байна. Санал хураалтын үр дүн үүнийг тодорхой харууллаа” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар хэлжээ. Хараат бус хэвлэлүүдийн мэдээлснээр сонгогдсон ахмад дайчдын зарим нь Украинд дайны гэмт хэрэг үйлдсэнд буруутгагдаж байгаа юм байна. Энэ удаагийн сонгуулийн ирц 59.8 хувьд хүрснийг 2011 оны Төрийн Думын сонгуулиас хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж эрх баригчид мэдээлж байгаа. Москва өөрийн газар нутгаар зарласан Украины эзлэгдсэн бүс нутгууд болсон энэ сонгуульд бас гадаадын 155 улсад 280,000 гаруй Оросын иргэн саналаа өгснийг Памфилова мэдээлжээ. Гадаадад дүрвэн гарсан сөрөг хүчнийхний сонгуулийн санал хураалтыг үймүүлэх оролдлого “бүтэлгүйтсэн” гэж тэр бас хэлсэн байна. Гэхдээ энэ удаагийн сонгуульд сөрөг хүчин бараг оролцоогүй гэж хэлэхэд болно. Оросын хамгийн ууган либерал нам, Украины дайныг ил тод эсэргүүцдэг цорын ганц сөрөг хүчин болох Яблоко намын өрсөлдөх эрхийг дээд шүүх наймдугаар сард хассан юм. Төрийн Дум ирэх Лхагва гарагт буюу есдүгээр сарын 30-ны өдөр анхдугаар чуулганаа товложээ. Эх сурвалж: The Moscow Times
