Depository of News

Иран улс долоо хоногийн дотор Ормузын хоолойг нээх саналыг АНУ-д танилцуулжээ

newsdepo.com · world

Баасан гарагт Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи хэрвээ тодорхой нөхцөлүүдийг тохиролцож чадвал Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээх төлөвлөгөөг АНУ-ын талд танилцуулсныг мэдэгджээ. Тэрбээр Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Виткоффтой уулзахдаа энэ саналаа танилцуулсан бололтой. “Иран улс Катараар дамжуулан АНУ-д долоо хоногийн хугацаатай төлөвлөгөөг хүргүүлсэн. Хэрвээ шаардлагатай нөхцөлүүд хангагдвал тус хоолойг дахин нээж, далайн тээврийн хэвийн үйл ажиллагаа долоо хоногийн дотор сэргэх боломжтой” гэж Баасан гарагт НҮБ-ын индрээс Арагчи хэлжээ. Тэрбээр цааш нь “Одоо шийдвэр гаргах ээлж АНУ-д ирээд байна. Иран улс албадлага, заналхийлэл, сүрдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дарамт шахалтад автан өөрийн бүрэн эрхэт байдлаас татгалзахгүй. Хэрвээ АНУ-ын тал хэлэлцээ хийж, Ормузын хоолойг дахин нээх чин хүсэл эрмэлзэлтэй байгаа бол бүх зүйл бэлэн болсныг би та бүхэнд батлан хэлмээр байна” гэж мэдэгдсэн юм. Өмнө хэвлэлээр гарсан мэдээллээр бол тавьсан саналд Ойрх Дорнод, тэр дундаа Ливан улсад бүх байлдааны ажиллагааг долоо хоногийн дотор зогсоох нөхцөл тусгагдсан гэнэ. Мөн доод тал нь $12 тэрбумаар үнэлэгдэх Ираны битүүмжлэгдсэн хөрөнгийг чөлөөлөх, Ираны газрын тосны хориг арга хэмжээг цуцлах, АНУ-ын тэнгисийн бүслэлтийг зогсоох зэрэг нөхцөлүүд тусгагдсан гэлцэж байна. Хэрвээ дээрх нөхцөлүүд биелбэл Иран улс Ормузын хоолойг долоо хоногийн дараа бүрэн нээх гэнэ. Мягмар гарагт Ираны Хувьсгалт Гвардын хэвлэлийн төлөөлөгч Хоссейн Мохеби энэ талаар мэдэгдэлдээ Йемен дэх байлдааны ажиллагааг зогсоох нь тавьж буй шаардлагуудын нэг болохыг баталсан юм. АНУ, Ираны талууд зургаадугаар сард дайныг зогсоох, Ормузын хоолойг нээх, Ираны цөмийн хөтөлбөрийг зохицуулах яриа хэлэлцээг эхлүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байв. Гэвч удалгүй Ираны тал Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх зөвшөөрөгдсөн замаас хазайсан үндэслэлээр арилжааны хөлгүүд рүү гал нээснээр мөргөлдөөн дахин хурцадсан юм. Эх сурвалж: AFP

Read full article →