Философич С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорихоор болжээ
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс прокурорын саналын дагуу философич С.Молор-Эрдэнийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг энэ сарын 2-нд гаргасан. Тэгвэл Нийслэлийн Прокурорын газраас философич С.Молор-Эрдэнийг “Үндэсний эв нэгдлийг бусниулах” эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан цагдан хорих хугацааг сунгах хүсэлтийг өнөөдөр шүүхэд ирүүлжээ. Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын танилцуулсан 26 хуудас баримт, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн зургаан хуудас хүсэлт, найман хуудас баримтыг талуудад танилцуулан хэлэлцсэн байна. Философич С.Молор-Эрдэнийн хувийн байдал, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа зэргийг үндэслэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2026 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ. Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйл. Үндэсний эв нэгдлийг бусниулах 1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
