АТГ-аас хотын дарга асан Х.Нямбаатарыг "Туулын хурдны зам төсөл"-тэй холбоотой хэрэгт яллагдагчаар татах санал гаргажээ
Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас хотын дарга асан Х.Нямбаатарыг "Туулын хурдны зам төсөл"-тэй холбоотой эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах санал гаргажээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Прокурорын байгууллага уг саналыг шалгаж үзээд Х.Нямбаатарыг яллагдагчаар татах эсэхийг 72 цагийн дотор шийдэх юм. Энэ оны тавдугаар сарын 16-нд Х.Нямбаатарыг хотын даргын үүрэгт албан тушаалаас нь чөлөөлж буйгаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдсэн. Улмаар нийт 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй "Туулын хурдны зам төсөл"-ийг зогсоосныг одоогийн хотын дарга Б.Пүрэвдагва өнгөрсөн сард зарласан . Х.Нямбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сард "Туулын хурдны замын 500 тэрбум төгрөг хүн бүхэнд оньсого мэт байна. Гүйцэтгэгч компанид гэрээний дагуу банкны баталгаа, олон улсын давхар даатгалын дагуу бид нар шахаж байгаад 500 тэрбум төгрөгийг өгсөн" хэмээн ярьж байлаа. 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
