Н.Учрал: Намайг аядуу зөөлөн гэж ярьдаг гэсэн, ямар хүн байгааг хараарай. Хариуцлага тооцно, чадахгүй бол хөөж явуулна
УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилж байна. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайдтай мэтгэлцээн өрнүүлж байгаа юм. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Таны хувьд Боловсролын яамны баримт бичиг дээр 3.5 тэрбум төгрөгийн хувийн сургуультай холбоотой асуудал орж ирсэн. Та тодорхой тайлбар өгсөн эсэхийг мэдэхгүй. Мөн 8.3 тэрбум төгрөгийн урсгал зардлын тухай асуудал дээр тодорхой тайлбар өгнө үү. 10 жилийн өмнө надтай ямар ч хамааралгүй болчихсон компанийг ухаж гаргаж ирээд холбоотой болговол энэ улс оронд бизнес хийх зарчим хэрэгжих үү. Ерөнхий сайд Н.Учрал: Тамга тэмдэг байхгүй, төсөл арга хэмжээний жагсаалтад байхгүй зүйлээр миний нэр хүндэд халдаж байгаад гомдолтой байгаа. Дээрээс нь хувийн хэвшлийн их дээд сургууль, дунд сургууль, цэцэрлэгийн нэр хүндэд халдаж байгаад би бүр их гомдолтой байгаа. Хулгай дээрэм ярьж улс төржүүлсээр байгаад сүүлдээ боловсролын салбар руу орлоо. Миний бүх зүйл ил тод шүү дээ. Намайг ард иргэд мэднэ. Манай гэр бүлд янз бүрийн хаацайлсан нуусан бизнес байхгүй. Тамгагүй, бичиггүй юм оруулж ирээд сэдэв хөгжөөх гэж хүний өөрийнгүй нийлж улс төр хийлээ. Таны барьсан байрыг түрээслээд төрийн хүүхдүүдийг аваад хувьсах зардал өгөхийг та дуртайдаа хийгээгүй. Л.Энх-Амгалан сайд хүсэлт тавьж үүнийг хийж байгаа. УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: Сүүлийн зургаан сарын байдлаар зээлийн хүү өсчихлөө. Зээл авч буй хүний тоо нэмэгдлээ. Зээл аваад ч амьдрахад хэцүү болсон байна. Ийм нийгмийн бүтээчхээд хүнээ бодсон төсөв гэдэг буруу байна. Тиймээс төсвөө эргэж харах шаардлагатай. Иргэд цалингаа аваад баярлахаа больсон байна. Монголчууд өрнөөс өрийн хооронд, зээлээс зээлийн хооронд амьдардаг болжээ. Ерөнхий сайд Н.Учрал: Зээлээс зээлийн хооронд банкны барьцаанд орчихлоо. Аж ахуйн нэгжүүд ч тэр, төр нь ч тэр. Сүүлдээ бонд босгоод банканд хийж хүүлдэг боллоо. Тиймээс би хүний өөрийн намгүй хариуцлага тооцно. Ажлаа хийж чадахгүй байгаа хэнтэй ч хариуцлага тооцно. Намынхандаа хандаж хэлье, намайг аядуу зөөлөн хүн гэж яриад байдаг гэсэн, ямар хүн байгааг хараарай. Хариуцлага тооцно, чадахгүй бол хөөж явуулна.
