Д.Амарбаясгалан: Боловсролын сайд Л.Энх-Амгаланг огцруулахыг өнөөдрөөс эхэлж шаардана
Гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас саатаад байсан УИХ-ын үйл ажиллагаа өнөөдөр хэвийн үргэлжилж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. Эргэн сануулахад, төсвийн тодотгол хэлэлцэж эхлэх үеэр Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий дунд сургуульд төсвөөс 3.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хуваарил зардал төсөвлөсөн болохыг харуулсан баримт ил болсон юм. Ерөнхий сайд болон Боловсролын сайдын зүгээс тэрхүү баримтыг алдаатай файл бөгөөд уг мэдээлэл нь хуурамч, гүтгэлэг хэмээн мэдэгдсээр буй. Ингээд зогсохгүй Боловсролын сайд Л.Энх-Амгалан анх дээрх баримтыг ил болгосон нэр бүхий эмэгтэй гишүүнийг "түгжилмаа" хэмээн нэрлэсэн юм. Гэтэл "түгжилмаа" гэх хочтой болсон А.Ариунзаяа тэргүүтэй эмэгтэй гишүүд Л.Энх-Амгалан сайдыг өөрсдөөс нь уучлал гуйх хүртэл чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй хэмээн "гэдийсэн". Уучлал гуйлгуулна, гуйхгүй хэмээх зөрчлийн цаадах бодит хагарлаас болж өнөөдрийг хүртэлх хугацаанд байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж чадахгүй, төсвийн тодотгол батлагдаагүй, ирэх оны төсвийн хэлэлцүүлэг рүү ороогүй явна. Улмаар дээрх "гомдол, тунирхал" Боловсролын сайдыг огцруулах шаардлагад тулсан болохыг УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өнөөдөр мэдэгдэв. Тэрбээр "Хэрэв тэрхүү файл бодит бол төсвийн хулгай хийх гэж байсан нь нотлогдож байгаа юм. Л.Энх-Амгалан сайдын хэлсэнчлэн хуурамч файл байсан бол УИХ-д хуурамч мэдээлэл ирүүлсэн болж таарч байна. Аль ч утгаараа Л.Энх-Амгалан гэдэг хүн хуулийн хариуцлага хүлээх нөхцөлөө бүрдүүлсэн. Тиймээс бид Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учралтай уулзсан. Ингээд уулзалтын төгсгөлд Ерөнхий сайдын зүгээс Л.Энх-Амгалан сайдыг уучлал гуй, өөрийн тань буруу байна гэсэн ч өнөөдрийг хүртэл уучлал гуйгаагүй байна. Бид УИХ-ын чуулганы үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангана. Мөн Боловсролын сайд Л.Энх-Амгаланг огцруулахыг өнөөдрөөс эхэлж шаардаж байна. Ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн УИХ-ын даргаас Нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх боломжоор хангаж өгөхийг шаардах болно. Ерөнхий сайд Н.Учралтай уулзахад 27 гишүүн оролцсон. Бид албан тушаал, эрх мэдэл, хувийн эрх ашгийн тухай яриагүй. Харин парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж чадах уу, Засгийн газрынхаа дарамтад ороод сууж байх уу гэдэг асуудлыг л ярилцсан" гэв.
