Ерөнхийлөгчдөө хэлэлгүй Трамптай уулзсан Коста Рика улсын гадаад хэргийн сайд ажлаасаа халагджээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын зохион байгуулсан Латин Америкийн аюулгүй байдлын асуудлаар уулзалтад өөрт нь мэдэгдэлгүйгээр оролцсон гадаад хэргийн сайдаа ажлаас нь чөлөөлж байгааг Коста Рика улсын ерөнхийлөгч Лаура Фернандес өчигдөр зарлажээ. Мягмар гарагт Нью-Йорк хотод НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр болсон уг уулзалт хар тамхины картелийн эсрэг Трампын санаачилсан “Америкийн Бамбай” нэртэй эвслийн арга хэмжээ байсан юм. Төв Америкийн Коста Рика улсыг энэ уулзалтад гадаад хэргийн сайд Мануэл Товар төлөөлөн оролцжээ. Гэтэл Фернандес уг уулзалтад өөрөө оролцох ёстой байсан, түүнтэй зөвлөлдөлгүйгээр Товар оролцсон нь “стратегийн асар том хохирол” учруулсан үйлдэл болохыг мэдэгдсэн байна. “Америкийн Бамбай” нь бүс нутаг даяар хар тамхины наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор байгуулсан АНУ-ыг дэмжигч засгийн газартай орнуудын эвсэл юм. Мягмар гарагийн уулзалтаар эвслийн 15 гишүүн орон хамтарсан мэдэгдэл гаргаж, 24 гэмт хэргийн байгууллагын гишүүд, дэмжигчдийн хөрөнгийг битүүмжлэх, визийн хязгаарлалт тогтоох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар амлалт авч байв. Энэ уулзалтын үеэр Трамп хар тамхины картелийг “бөмбөрцгийн баруун хагасын ISIS (Исламын Улс)” гэж нэрлэжээ. Латин Америкт тогтвортой байдлаараа алдаршсан Коста Рика улсад сүүлийн үед хар тамхитай холбоотой хүчирхийлэл огцом нэмэгдэж, эрх баригчид нь үүнтэй тэмцэж байгаа. Товар өөрийг нь ажлаас халсан шийдвэрийн талаар тайлбар өгөхөөс татгалзаж, өнгөрсөн тавдугаар сараас хойш танхимдаа томилж ажиллуулсан Фернандест талархал илэрхийлжээ. Эх сурвалж: AFP
