Depository of News

Украины тал Умард Солонгосын олзны цэргүүдийн тухай мэдээллийг задруулсанд Өмнөд Солонгос харамсал илэрхийлэв

newsdepo.com · world

Лхагва гарагт НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы индрээс Украины ерөнхийлөгч Володимир Зеленский үг хэлэхдээ Умард Солонгосын олзлогдсон хоёр цэргийг Өмнөд Солонгосын талд шилжүүлж өгснийг мэдээлсэн юм. Тэгвэл өчигдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мён уг мэдээллийг нийтэд ил болгосонд харамсаж байгаагаа илэрхийлээд үүнийг олон асуудал үүсгэж болзошгүй, нууцлалын гэрээг зөрчсөн үйлдэл гэж тодорхойлсон байна. Тэрбээр сошиал хуудсандаа “Энэ мэдээллийг ил болгосноор үүсэж болзошгүй олон асуудлыг харгалзан үзээд бид нууцлахаар тохиролцсон байсан. Украин улс нууцлалын гэрээг зөрчин шилжүүлгийн талаарх мэдээллийг ил болголоо. Би ингэх болсон шалтгааныг мэдэхгүй ч үүнд харамсаж байна” гэж бичжээ. Зеленскийн мэдэгдлийн дараахан Украины ерөнхийлөгчийн тамгын газраас Умард Солонгосын хоёр цэргийг Өмнөд Солонгост шилжүүлэх ажиллагааг Сөүлийн эр баригчидтай тохиролцсоны үндсэн дээр гүйцэтгэсэн талаар мэдээлсэн юм. И Жэ Мён энэ асуудал нь дипломат харилцаа, үндэсний аюулгүй байдал, түүнчлэн Солонгосын хойгийн нөхцөл байдалд асар их нөлөө үзүүлж болзошгүй эмзэг асуудал болохыг онцолсон байна. ОХУ-ын Курск мужийн нутагт Украины эсрэг тулалдаж байсан Умард Солонгосын хоёр цэрэг олзлогдсон бөгөөд тэд Өмнөд Солонгост очих хүсэлт гаргасныг Киев, Сөүлийн албаныхан хэлэлцэж байгаа тухай мэдээ өмнө нь нийтэд цацагдаж байсан юм. Харин яг очсон эсэх талаар мэдээлэл задарч байгаагүй. Өмнөд Солонгосын тал тэднийг нутаг дэвсгэртээ ирсэн талаар мэдээллийг батлахаас татгалзаж, үүнийгээ олзлогдсон цэргүүд болон Умард Солонгост үлдсэн тэдний ар гэрийнхний амь нас, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлтэй холбон тайлбарлаж байжээ. И Жэ Мёны мэдэгдлийн талаар Украины ерөнхийлөгчийн тамгын газраас тодруулахад шилжүүлэх үйл явцын нарийн мэдээллийг дурдалгүйгээр зөвхөн Умард Солонгосын иргэдийг Өмнөд Солонгост шилжүүлсэн тухай мэдээллийг ил болгосноо зөвтгөж, бүх үйл явцыг нууцлах нь “хачирхалтай хэрэг” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Умард Солонгосын хоёр цэрэг 2025 оны нэгдүгээр сард Украины зэвсэгт хүчинд олзлогдож байсан юм. Эх сурвалж: Yonhap News

Read full article →