Depository of News

Хүүхдийн эмнэлгийн мэс заслын тасгуудад хийсэн хагалгааны 34 хувь нь яаралтай заалттай байв

newsdepo.com · world

Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-ийн Хүүхдийн мэс заслын алба үүсэж, хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд хүүхэд, нярайн мэс заслын тусламж үйлчилгээг сайжруулах, олон улсын туршлага, шинэ технологийг нутагшуулах зорилготой “Эрүүл ирээдүйн төлөө” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Хүүхдийн мэс заслын түүхэн замналыг танилцуулбал: Монгол Улсад хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээний үндэс 1956 онд тавигдсан түүхтэй. Тухайн үеийн Эрүүл мэндийн яамны сайдын 1956 оны тавдугаар сарын 7-ны өдрийн 59 дүгээр тушаалаар Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 40 ортой ерөнхий мэс заслын тасаг байгуулжээ. Тус тасаг хоёр их эмч, дунд болон бага мэргэжлийн 18 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Тухайн үед хагалгаа, боолтын сувилагч, ээлжийн сувилагч, асрагчдын бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бол өнөөдөр хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ олон чиглэлээр төрөлжин хөгжжээ. Өдгөө хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ чих, хамар, хоолой, цээжний мэс засал, мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тусламж зэрэг олон чиглэлээр хөгжиж, эмнэлзүйн тусламж үйлчилгээг сургалт, эрдэм шинжилгээ, судалгаатай хослуулан хөгжүүлж байгааг онцоллоо. Энэ удаагийн форумд Япон, БНСУ, АНУ, ОХУ, БНЭУ зэрэг орны эрдэмтэн, судлаач, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож, 30 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж байгааг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өөс мэдээллээ. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн мэс заслын тасгууд өнгөрсөн оны байдлаар нийт 151 төсөвт ортой ажиллаж байна. Энэ нь Хүүхдийн эмнэлгийн нийт төсөвт орны 35.6 хувийг эзэлж байгаа аж. Тус тасгуудад 2025 онд нийт 9,505 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Мөн ЭХЭМҮТ-д өнгөрсөн онд нийт 11,816 хагалгаа хийснээс 8,089 буюу 68.5 хувь нь хүүхдийн эмнэлгийн мэс заслын тасгуудад хийгдсэн байна. Үүний 34.7 хувь нь яаралтай хагалгаа байжээ. Эдгээр үзүүлэлт нь хүүхдийн мэс заслын тусламж, үйлчилгээний хэрэгцээ, ачаалал өндөр байгааг харуулж байна. Иймээс оношилгоо, эмчилгээний шинэ арга, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг цаашид сайжруулах шаардлагатай байгааг мэдээллээ. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Read full article →