З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийн зарцуулалтыг нэг удаагийн хуулиар зохицуулна
Засгийн газраас 2027 онд Оюутолгой компаниас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авч, улсын төсөвт төвлөрүүлэх асуудлыг УИХ-д оруулаад буй. Үүнтэй холбогдуулан уг ногдол ашгийг хэрхэн авч, юунд зарцуулах талаар Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө. Тэрбээр "Рио тинто групптэй хэлэлцээр хийх ажлын хэсгийг миний бие ахалж, тодорхой үр дүнгүүд гаргасан. Саяхан Рио тинто группийн гүйцэтгэх захирал ирээд Хувь нийлүүлэгчдийн гэрээнд ажлын хэсгийн хүрээнд гарсан өөрчлөлтийг тусгасан. 17 жилийн дараа бид Оюутолгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд анх удаа өөрчлөлт хийж, Монголын талд ирэх өгөөжийг нэмэгдүүлж чадсан. Энэ хэлцлийн хүрээнд нэг тохирсон зүйл бол 2037 оноос эхэлж авах байсан ногдол ашгийг 2027 оноос авч эхлэхээр хоёр тал тохирсон. Рио тинто группийн гүйцэтгэх захирал ирээд ногдол ашгийг Монголын талд өгөхийг баталгаажуулж буйгаа илэрхийлсэн. Бид төсвийн тухай хуульдаа гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэдгээ тусгасан. Тухайн компанийн 2026 оны санхүүгийн тайлан 2027 онд гарна. Нэгэнт гүйцэтгэх захирал нь ногдол ашиг өгнө гэдгээ илэрхийлсэн учраас хоёр талын ажлын хэсэг гараад ногдол ашгаа хэрхэн тооцож авах вэ гэдгээ тодорхой болгоно. 2027 онд авах гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн нэг их наяд төгрөгийг иргэдийн Хуримтлалын сан дахь нэрийн дансанд байршуулна. Хоёр их наяд төгрөгөөр төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлнэ. Үүнд ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зарцуулна. Эдийн засгийн агшилттай үед жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүст жилийн 10 хувийн хүүтэй зээл олгоно. Орон сууц авч чадахгүй байгаа хүмүүст ипотекийн зээл өгнө. Мөн дэд бүтцийн салбарыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдье гэж байгаа. Эдийн засаг тэлэхэд хамгийн чөдөр тушаа болж буй салбар бол эрчим хүч, дэд бүтэц. Залуучууд орон нутагт орон сууцтай болох гэхээр аймгийн төв дээр дулааны асуудал хязгаарлагдмал байна. Мэдээж хэлэлцүүлгийн явцад ард түмнээс асууна. Иргэд Оюутолгойн ногдол ашгаа хуримтлалын сандаа авах уу, шууд авах уу, Монгол Улсын эдийн засагт тулгамдаад буй салбарыг шийдэх үү гэдгийг асууна. Оюутолгойн ногдол ашгийн зарцуулалтыг нэг удаагийн хуулиар зохицуулна. Яагаад гэвэл Оюутолгойн ногдол ашиг төсвийн байнгын тогтвортой орлого биш. Дараа дараагийн төсөвт дарамт учруулахгүйн тулд хуулийн зохицуулалт хийж байгаа" гэв.
