Depository of News

М.Энхбадрал: Парламентын ил тод байдлыг сайжруулах 15 зөвлөмж шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна

newsdepo.com · politics

Цогц Хөгжлийн Үндэсний Төвөөс парламентын ил тод байдлыг сайжруулах чиглэлд Улсын Их Хурал(УИХ)-ын даргад 15 зөвлөмж шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тус төв нь 2011 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд үндсэн дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлдгийн нэг нь Засаглалын хөтөлбөр юм. Энэ хүрээнд парламентын институтийг бэхжүүлэхийг зорьдог UIH.MN цахим талбарыг ажиллуулж байна. “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн Гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадрал "Бид 2023 онд Мэдэх эрхтэй хэмээх аяныг зохион байгуулж, нөлөөллийн ажлууд хийснээр хууль батлахад гишүүдийн өгсөн санал ил тод биш байсныг Монгол Улсад анх удаа parliament.mn цахим талбар дээр санал хураалтын дүн гэдэг дэд цэс үүсгүүлж байв. Харин одоо хуулийн дагуу иргэдэд угаас байгаа эрхүүдийг шаардан 15 зөвлөмж, шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна. 15 шаардлагыг биелүүлснээр парламентын ил тод байдал мэдэгдэхүйц сайжрах боломжтой. Үүнд тулгуурлан хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд оролцох боломж нэмэгдэн парламентад итгэх иргэдийн итгэл дээшлэх зэрэг сайн үр дүн гарна гэж үзэж байна. 1. Нээлттэй мэдээллийн нэгдсэн стандарт бий болгох. УИХ ямар мэдээллийг, ямар хугацаанд, ямар хэлбэрээр нийтлэх талаараа стандарт тогтоох. Стандартгүйгээс мэдээллийг ил тод болгох эсэх нь тодорхой албан тушаалтны, алба нэгжүүдийн шийдэх асуудал болоод байна. 2. Засгийн газрыг хуулийн төсөл боловсруулах үе шатандаа D-Parliament дээр байршуулж, иргэдээс санал авах боломжийг бий болгох. 3. Хуулийн төсөл бүрийн мэдээллийг нэг дор бүрэн хадгалах хэрэгтэй байна. Хууль батлагдах л юм бол хуулийн төслийн танилцуулга, тооцоо судалгаа зэрэг бүх мэдээлэл нь алга болдог. Хэлэлцэх боловсруулах шатанд мэдээллүүд нь харагдаж байгаа ч батлагдсанаас хойш мэдээллийг нөхөн харах боломжгүй болдог. 4. Хэлэлцүүлгийн явц дахь өөрчлөлтүүдийг тухай бүрд нь оруулж байх. 5. Санал хураалтын дүнг гишүүн тус бүрээр нь танилцуулж харуулдаг байх. 6. Парламентын бүх нэгжийн үйл ажиллагааг ил тод болгох. Одоогоор УИХ-ын чуулган болон Байнгын хороодын хуралдаан тэмдэглэлтэй байдаг. Гэтэл ажлын хэсгийн, намын бүлгүүдийн, түр хороодын хуралдааны мэдээлэл нь албан ёсны тэмдэглэлтэй байж, нэгтгэгдэж гарахгүй байна. 7. Хуралдааны тэмдэглэл нийтлэгдэж байгаа ч цаг хугацаандаа ордоггүй. Тухайлбал УИХ-ын хаврын чуулганы сүүлийн нэг өдрийн тэмдэглэл одоог хүртэл нийтлэгдээгүй байгаа. 8. Парламентын мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох хэрэгтэй. Боловсруулалт хийх боломжтой өгөгдлүүд байх ёстой. 9. Гишүүн тус бүрийн үйл ажиллагааны мэдээллийг нэг профайлд нэгтгэх. Иргэд өөрийнхөө төлөөллийг хэрхэн ажиллаж байгааг мэдэх боломжтой болгохыг бид шаардаж байгаа. 10. Хууль тогтоох үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх механизмаа бэхжүүлэх шаардлагатай. Тухайн асуудлаас ашиг олдог бол нийтийг төлөөлөх боломжгүй гэж үздэг. Жишээлбэл боловсролын салбарын асуудал хэлэлцэж байхад энэ салбарт ашиг сонирхлын зөрчилтэй бол хэлэлцүүлэгт оролцож болох ч санал өгөх эрхгүй гэдгийг хуралдаан даргалагч сануулж байх ёстой. 11. Парламент иргэдээс санал авах талбаруудыг хөгжүүлж байгаа ч хариу өгөх нь тун хангалтгүй. Иргэдээс парламентад санал өгсөн бол заавал эргэн хариулдаг байх ёстой. 12. Хэвлэл мэдээлэл бие даан сурвалжлахыг сайжруулах хэрэгтэй байна. Яагаад УИХ-ын гишүүдийг коридороор хөөгөөд байдаг юм бэ гэхчлэн олон нийт сэтгүүлчдийг ёс зүйн асуудлыг их хөндөж байгаа. Гол шалтгаан нь тэнд л мэдээлэл авах боломжтой байгаа. Чуулганы танхимд сэтгүүлчид мэдээллээ авах, дүрс авах боломжтой байсан бол хүрээ өргөжих байсан. Мөн шууд дамжуулалт нь зөвхөн УИХ-аас өгсөн сигналаар дамжуулагдаж байгаа учраас харуулмааргүй зүйлээ харуулахгүй байх боломжтой. Чуулганы танхимыг бүхэлд нь харуулах боломжтой нэг суваг заавал байх хэрэгтэй. 13. Парламентын төсвийн зарцуулалтыг ойлгомжтой, нээлттэй болгох. УИХ-ын гишүүд үндсэн цалингаасаа гадна сар бүр 20 орчим сая төгрөгийн хангамж байдгийг иргэд нээлттэй мэддэг болсон. Парламентыг бие даасан, хүчтэй , чадвартай институт болгохыг зорьж байгаа учраас төсвийг үгүйсгэж байгаа юм биш. Үр дүнтэй ажиллахын тулд санхүүжилт байх ёстой. Гэхдээ зарцуулалт нь ил тод байх ёстой. 14. Хэлэлцүүлгийг бодит бодлогын мэтгэлцээн болгоход анхаарах. 15. Нээлттэй ил тод байдлыг хангах, парламентын хариуцлагыг дээшлүүлэх үйл явцдаа УИХ-ын гишүүний чөлөөт мандат болоод парламентын бие даасан байдлыг алдагдуулахгүй байх ёстой. Иргэдийн дунд гишүүдийн нэр хүнд сайн, муу янз бүр байгаа. Гэлээ гээд тэр хүмүүсийг өмгөөлж байгаа юм биш, тэр хүмүүсээр дамжин хэрэгжиж буй иргэд та бүхний засаглах эрхийг хамгаалж байгаа хэрэг. Иймд гишүүдийн бие даасан байдал, хуулийн хүрээнд чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх, түүнийхээ төлөө нам болон бусад гишүүнээс дарамт шахалт авдаггүй байх зэргээр гишүүдийн чөлөөт мандат, бие даасан байдлыг хамгаалах хэрэгтэй гэсэн нийт 15 шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлж байна" гэлээ. Түүнчлэн тэрбээр "Монгол Улсын Парламент бол монголчуудын эрх чөлөөний баталгаа. Олон улсын өнцгөөс харвал тусгаар тогтнолын баталгаа нь иргэдийн засаглах эрхийг хэрэгжүүлж байгаа гол институт гэдгийг бодох ёстой учраас яаж бэхжүүлэх вэ гэдэгт анхаарах нь бидний нийтлэг эрх ашиг юм" гэв.

Read full article →