Depository of News

Г.Ганбаатар: Оюутолгойн ногдол ашиг иргэдийн хуримтлалын дансанд байрших ёстой. Элдэв хулгайн төслүүдийг санхүүжүүлж болохгүй

newsdepo.com · world

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс 2027 оны төсвийн төсөлтэй холбоотой асуудлаар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганбаатар Оюутолгой компаниас авах ногдол ашгийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Сүүлийн үед эрх баригч намын даргын зүгээс Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийн хоёр их наяд төгрөгийг аймгуудад баригдах гэж байгаад бүтээгүй дулааны цахилгаан станц, мөн зургаадугаар цахилгаан станцыг барих төсөл рүү оруулах тухай асуудлыг ярьж байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар төрийн өмчит компаниудын ногдол ашиг зөвхөн хуримтлалын дансанд иргэдийн нэрийн дансанд бичигдэх ёстой. Иргэдийн нэрийн дансанд бичигдвэл нэг иргэнд 835 орчим мянган төгрөг ногдоно. Иргэдийн халаасанд орох ёстой мөнгийг хулгайн төслүүдийн үлдэгдлийг санхүүжүүлэх талаар ярьж байгаа нь увайгүй үйлдэл. Улс орны засаглал, эрх барьж байгаа намын хулгай ямар байгаа билээ дээ. Баялгийн сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг зөрчөөд ард иргэдэд очих ёстой мөнгийг хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байгааг Ардчилсан нам буруутгаж байгаа. 10 аймгийн дулааны цахилгаан станцыг явуулах нь зүйтэй боловч иргэдээс санал авахгүйгээр энэ их мөнгийг хууль зөрчиж санхүүжүүлж байгаа нь буруу зүйл. Эрх баригч намын дарга Оюутолгойн ногдол ашгийн Н үсэг ч байхгүй байхад бид анх удаа хуваарилж байна гэлээ. Анх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байх үед зэсийн үнэ 4,000 ам.доллар байсан. Өнөөдөр 16 мянган ам.долларт хүрсэн учраас ногдол ашиг хуваарилах боломжтой болж байгаа. Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн хуримтлалын дансанд хуулийн дагуу байршуулах ёстой болохоос биш хулгай хийх элдэв төслүүдийг санхүүжүүлж болохгүй. Оюутолгойн орлого тодорхой биш байхад хэлцэл хийсэн нэрийдлээр гурван их наяд төгрөгийн асуудал яригдаж байна. Компанийн тухай хуулиар ТУЗ нь шийдвэр гаргасны дараа хэлэлцэх ёстой. Тодорхойгүй зүйлийг хэлэлцээд, хуваарилаад байна" гэв.

Read full article →