"Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахад шашны байгууллагуудад тохиолдож буй бэрхшээл АНУ-ын ЭСЯ-ны санааг зовоож байна"
Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын Элчин Сайдын Яам(ЭСЯ)-наас ес дэх удаагийн "Шашин хоорондын дугуй ширээний уулзалт"-ыг Улаанбаатар хотноо өчигдөр зохион байгууллаа. 2016 оноос хойш болж буй уг уулзалтад Монгол Улс дахь шашны байгууллагууд оролцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлалтай юм байна. "Шашин хоорондын дугуй ширээний уулзалт"-ын дараа Элчин сайд Ричард Л.Буанган дараах мэдэгдлийг ЭСЯ-ны албан ёсны цахим хуудсандаа байршуулсныг хүргэе. АНУ-аас Монгол Улсад Суугаа Элчин Сайд Ричард Л. Буанганы Мэдэгдэл Шашны эрх чөлөө болон шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн асуудлаар Монгол Улсын хүлээх үүргийн тухай Америкийн Нэгдсэн Улс ардчиллын цөм үнэт зүйл, хүний нэр төрийн нэгэн суурь багана болох шүтэх эрх чөлөөг дэлхий даяар хамгаалах, хөхиүлэн дэмжихэд тууштай хэвээр байна. Шашин шүтлэгийн эрх чөлөө нь зөвхөн Америкийн үнэт зүйл биш. Энэ нь ямар ч чөлөөт нийгмийн үндэс суурийг бүрдүүлдэг, хүний түгээмэл эрх юм. Шашны эрх чөлөөг хамгаалах талаар монголчуудын түүх, уламжлал нь Монголын эзэнт гүрнээс эхтэй гэдгийг АНУ энд тэмдэглэн хэлж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хууль ёсны зөвшөөрөл авах асуудлаар шашны байгууллагуудад тохиолдож буй хүндрэл бэрхшээл нэлээд урт хугацааны турш АНУ-ын ЭСЯ-ны санааг зовоож байна. Хууль шүүхийн үйл явцад асуудал шийдэгдэхгүй, зарим тохиолдолд бүр дордсоор байна. Шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгохыг зогсоох тухай шийдвэр хүчинтэй хэвээр байна . Энэ жил зарим шашны байгууллагууд хангалттай үндэслэлгүйгээр зөвшөөрлөө цуцлуулж, зарим нь хуульд заасан ердийн шалгалтаас илүү нарийн шалгалтад өртсөн зэрэг сэтгэл зовниосон тохиолдлуудыг бид харлаа. Нэг шашны сүм хийд мөргөл залбирлаа чөлөөтэй үйлдэж чадахгүй бол энэ нь зөвхөн тэдний асуудал биш, харин Монгол хүн бүрийн шашин шүтлэг, итгэл үнэмшлийн эрх чөлөөнд тулгарч буй сорилт юм. АНУ-ын Элчин сайдын яам нь шашны үйл ажиллагааны зөвшөөрлийг тэгш хэрэгжүүлэхийн төлөөх нөлөөллийн ажлаа үргэлжлүүлнэ. Бид энэ асуудлыг Улаанбаатар болон Вашингтонд хамгийн дээд түвшинд байнга тавьсаар байх болно. Төрийн нарийн бичгийн дарга Рубиогийн хэлснээр “Шашин шүтлэгийн эрх чөлөөнд Америкийн Нэгдсэн Улсаас илүү анд нөхөр байхгүй”. Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ
