Геологийн төв лабораторийн урд баригдаж байгаа 5 метрийн өндөртэй нүхэн гарцын замыг аравдугаар сарын 30-нд нээнэ
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Геологийн төв лабораторийн авто замын урд талд баригдаж буй нүхэн гарцын ажлын явц 61.3 хувьд хүрчээ. Тус нүхэн гарц нь Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Эрчим хүчний гудамжтай холбох 1.48 километр авто зам, бүх төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой таван метр өндөр, 28 метр урт хоёр нүхэн гарцтай, гарцуудыг Улаанбаатар төмөр зам болон ТЭЦ-4-ийн салбар төмөр зам доогуур байгуулахаар төлөвлөн авто зам, замын байгууламжийн ажлыг гүйцэтгэж байгаа юм байна. Бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК ажиллаж байгаа бөгөөд зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээхээр төлөвлөжээ. Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын Нүхэн гарц төслийн захирал М.Золбоо “Тус ажлыг гүйцэтгэхэд ААН-үүдийн газар чөлөөлөлт, түүнтэй холбоотой шүүхийн маргаантай асуудлаас үүдэн гүйцэтгэл удааширсан ч өдгөө газар чөлөөлөлт бүрэн дууссан” гэв. Нүхэн гарцын бүтээн байгуулалтад авто замаас гадна явган зорчигч, дугуйтай иргэдэд зориулсан зам, гүүр, ногоон байгууламж, ус зайлуулах байгууламж зэрэг дэд бүтцийг хамтад нь төлөвлөж, төмөр зам болон авто замын хөдөлгөөнийг хоёр түвшинд явуулах аж. Тус замаар өдөрт 31,000 орчим машин нэвтэрч, Сонсголон, Гурвалжингийн гүүрний замын ачааллыг хуваалцана гэж тооцоолсон байна. БНХАУ-ын "ЭКСИМ" банкны хөнгөлөлттэй зээлээр 2024 оноос нийслэл хотын дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг эхлүүлээд буй. Харин нийслэлийн 2026 оны төсвөөс "Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих” төслийн нэмэлт ажилд 2024-2026 онд ₮9.1 тэрбум , төслийн техник технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээнд ₮3 тэрбум нийт ₮12.1 тэрбумыг зарцуулахаар баталжээ.
