Depository of News

"Төв цэнгэлдэх хүрээлэнд 21 аймгийн тариаланч, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байна"

newsdepo.com · world

Төв цэнгэлдэх хүрээлэнд “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаа нээгджээ. Өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ. 21 дэх жилдээ болж буй энэхүү “Намрын ногоон өдрүүд” өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн үндэсний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн шинэлэг, олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээр оролцож байгаа аж. Намрын ногоон өдрүүд бол бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр шим, шинэ ургацынхаа дээжийг нийслэлчүүддээ хүргэдэг тариаланч, үйлдвэрлэгчдийг хэрэглэгчидтэй шууд холбодог арга хэмжээ. Нийслэлийн хүнсний хангамж гадаад зах зээл, хил боомт, тээвэр логистикийн нөхцөлөөс хамааралтай бөгөөд нийслэлчүүдийн хэрэглэж буй хүнсний ногооны 43 хувь, жимс жимсгэнийн 97 хувь нь импортын бүтээгдэхүүн байна. Улаанбаатар хотын хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах тогтолцоог бүрдүүлэх стратегийн зорилтын хүрээнд “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсэд дөрвөн улирлын хүлэмж, төрөлжсөн агуулах, боловсруулах үйлдвэр, тээвэр логистик, инновацын төвийг нэг дор цогцлоохоор төлөвлөжээ. Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн 18 байршилд нийт 152 цэгээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй. Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Read full article →