Depository of News

Берлин хот болон Мекленбург-Баруун Померан мужийн сонгуулийн дүн ба Германы хувь заяа

newsdepo.com · world

Германы Берлин хот-мужийн парламентын сонгуулийн урьдчилсан дүн эцсийн байдлаар 2026 оны есдүгээр сарын 21-ний Даваа гарагт албан ёсоор гарлаа. Сонгуулийн санал хураалт есдүгээр сарын 20-ны Ням гарагт явагдсан бөгөөд Германы улс төрийн газрын зургийг нэлээд өөрчилсөн, гэнэтийн үр дүн үзүүлсэн үйл явдал болсон тухай Германы нөлөө бүхий голлох хэвлэлүүд болон ARD, ZDF телевизүүдийн албан ёсны нэвтрүүлгүүд мэдээлэв. Сонгуулийн эцсийн үр дүн дараах дүр зурагтай байна. Зүүний “Die Linke” нам 25.7 хувийн санал авч, нэгдүгээрт жагсаж дуулиан тарилаа. Энэ нь тус нам Берлин хотын сонгуульд анх удаагаа хамгийн олон санал авч ялалт байгуулж буй түүхэн тохиолдол болж байна хэмээн BBC дамжуулсан. Энэ удаагийн сонгуулийн онцлох зүйл гэвэл “Die Linke” намын ялалт нь тус намын нэр дэвшигч, цагаач гаралтай (турк угсаатай) хүний эрхийн хамгаалагч Элиф Эралп (Elif Eralp) Берлин хотын түүхэн дэх анхны цагаач гаралтай, социалист хотын дарга болох боломжтой болж байна. Энэ нь Германы түүхэн анхны тохиолдол болох ажээ. Берлин хотын түүхэнд анх удаа 16 болон 17 насны өсвөр үеийнхэн парламентын сонгуульд албан ёсоор санал өгөх эрхтэй оролцсон нь зүүн жигүүрийн болон ногоон намуудын саналыг өсгөхөд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Сүүлийн сонгуулиас хойш “Die Linke” намын нэр хүнд +8.5 хувиар огцом өссөн. Орон сууцны үнийн хямралыг гол сэдвээ болгосон нь залууст хүрч, тэргүүлжээ. Канцлер Фридрих Мерцийн удирддаг консерватив нам болох Христийн Ардчилсан нам (CDU) 18.8 хувийн саналтайгаар хоёрдугаар байрт орж, томоохон ялагдал хүлээж, өмнөхөөсөө -8.2 хувийн уналт үзүүлэв. Одоогийн хотын дарга Кай Вегнер нэрээ татсан тул шинэ нэр дэвшигч Стефан Эверст хүнд тусжээ. Берлин хотын дарга Кай Вегнер (Kai Wegner) энэ удаагийн хотын сонгуульд Христийн Ардчилсан нам (CDU)-аас дахин нэр дэвшихгүй гэдгээ 2026 оны долдугаар сарын 10-нд албан ёсоор зарлаж, нэрээ татсан. Түүний энэхүү шийдвэрийн цаадах шалтгаан нь олон нийтийн дунд маш том дуулиан тарьсан “Теннис-Гейт” (Tennis-gate) гэж нэрлэгдсэн дуулиантай холбоотой байжээ. 2026 оны нэгдүгээр сарын 3-нд Берлин хотын баруун өмнөд хэсэгт орших эрчим хүчний дэд бүтцийг зүүний хэт даврагчид галдан шатаасан. Үүний улмаас өвлийн хүйтэнд Берлиний 45,000 орчим өрх, эмнэлэг, асрамжийн газрууд, 2,000 гаруй аж ахуйн нэгж бараг долоо хоногийн турш цахилгаан, халаалтгүй болж, хүнд байдалд орсон юм. Харин яг энэ эгзэгтэй үед хотын дарга Кай Вегнер өөрийн хамтрагч Берлиний Боловсролын сайдтай хамт “теннисний талбай” дээр тоглож байсан нь ил болсон билээ. Энэхүү үйл явдлын дараа тэрбээр шүүмжлэлд өртөхдөө “Би тухайн өдөр гэрээсээ ажиллаж, хямралыг зохицуулахаар өдөржин утсаар ярьсан” гэж мэдэгдэж, Холбооны Канцлер Фридрих Мерцтэй тус асуудлаар шууд утсаар холбогдож зааварчилгаа авч байсан хэмээн тайлбарлаж байжээ. Гэвч Германы хэвлэлүүд болон Захиргааны шүүхийн шийдвэрээр түүний дуудлагын түүхийг шалгахад тэрбээр тухайн өдрийн үдээс өмнө ямар ч албан ёсны утасны дуудлага хийгээгүй бөгөөд канцлер Фридрих Мерц ч тийм яриа болсныг санахгүй байна гэж мэдэгдсэнээр Кай Вегнер олон нийтэд “зориудаар худал хэлсэн” нь батлагдсан ажээ. Уг дуулианы улмаас Кай Вегнер болон түүний удирдаж байсан Берлиний эвслийн нэр хүнд түүхэн дэх хамгийн доод түвшиндээ 17 хувь хүртэл унажээ. Сонгууль дөхөж байхад намынх нь залуучуудын жигүүр болон бусад гишүүд түүнийг нэрээ татахыг шаардаж, нээлттэй захидал илгээсэн тул тэрбээр өөрийнх нь дуулиан намынх нь сонгуулийн сурталчилгааг бүхэлд нь сүүдэртүүлж байна гэдгийг хүлээн зөвшөөрч нэрээ татсан байна. Түүний оронд CDU намаас Стефан Эверс (Stefan Evers) нэр дэвшсэн боловч энэхүү дуулиан нь Ням гарагт болсон Берлиний сонгуульд CDU нам маш том ялагдал хүлээх гол шалтгаануудын нэг болсон ажгуу. Христийн Ардчилсан нам (CDU) өмнөх сонгуулийн 28 хувийн амжилтаа тийнхүү алдаж, том уналт үзүүлснийг Өрнөдийн хэвлэлүүд “Канцлер Фридрих Мерцийн хар дарсан зүүд” хэмээн онцолсон байна. Канцлер Фридрих Мерц энэ үр дүнг намдаа “гамшиг боллоо” гэж тодорхойлсныг Euronews уламжлав. Хэт барууны үндсэрхэг “AfD” нам саналаа ахиулж, 16.3 хувийн саналаар гуравдугаар байрт оржээ. Энд онцлоход, Ням гарагт зэрэг явагдсан Мекленбург-Баруун Померан мужийн сонгуульд AfD нам 38.2 хувиар үнэмлэхүй ялалт байгуулсныг Al Jazeera онцлов. Ногоон нам (The Greens) 14.3 хувийн санал авсан байна. Социал Демократ нам (SPD) ердөө 12.1 хувийн санал авч, тавдугаар байр хүртэл ухарсан нь тэдний Берлиний сонгуулийн түүхэн дэх хамгийн муу үр дүн болж байна. Энэхүү үр дүнгээр Берлин хотыг өнөөг хүртэл хамтран удирдаж байсан Христийн Ардчилсан нам (CDU) болон Социал Демократ намын (SPD) “Их эвсэл” олонхын суудлаа алдаж байна. Цаашид зүүний үзэл баримтлалтай “Die Linke” нам Ногоон нам болон SPD-тэй хамтарсан шинэ эвслийн засгийн газар байгуулах урт хугацааны яриа хэлэлцээг эхлүүлэх хүлээлттэй болов. Түүнчлэн энэ үр дүн Холбооны канцлер Фридрих Мерцийн байр суурийг хүчтэй ганхуулж эхэллээ. Ням гарагт Берлин хотын сонгуультай нэгэн зэрэг явагдсан Мекленбург-Баруун Померан (Mecklenburg-Vorpommern) мужийн сонгууль нь тус мужийн орон нутгийн парламент буюу Ландтаг (Landtag)-ийг сонгох мужийн парламентын сонгууль юм. Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь 16 бие даасан муж улсаас бүрддэг Холбооны Улс бөгөөд муж бүр өөрийн хууль тогтоох байгууллага парламент болон засгийн газартай байдаг. Энэ удаагийн сонгууль 2026 оны есдүгээр сарын 20-ны ням гарагт Берлин хотын сонгуультай нэг өдөр явагдсан бөгөөд Германы дотоод улс төрд маш том газар хөдлөлтийг авчирч байна. Уг сонгууль яагаад ийм чухал байсан хийгээд гол учир шалтгаан, онцлогийг дараах байдлаар тайлбарлаж байна. Мекленбург-Баруун Померан нь Германы зүүн хойд хэсэгт буюу хуучин Зүүн Германы газар нутагт оршдог агаад далайн эргийн, хүн ам цөөнтэй, харьцангуй хөдөөгийн муж ажээ. Хуучин Зүүн Германы мужуудад сүүлийн жилүүдэд уламжлалт намууд болох CDU, SPD-д итгэх иргэдийн итгэл буурч, системд дургүйцсэн хандлага хүчтэй нэмэгдэж байгааг энэ сонгууль дахин харууллаа. Сонгогчид амьжиргааны өртөг, эрчим хүчний үнэ болон цагаачлалын асуудалд маш их бухимдалтай байгаа нь сонгуулийн дүнд шууд нөлөөлөв. Тийнхүү Мекленбург-Баруун Померан мужийн сонгууль гэнэтийн үр дүнг үзүүлж, үүнийг “сүйрэл” гэж онцолж байна. Учир нь хэт барууны үндсэрхэг AfD нам 38.2 хувийн санал авч, мужийн хамгийн том нам болж байна. Энэ нь тэд ердөө хоёр долоо хоногийн өмнө Саксони-Анхальт мужид ялсныхаа дараа авч буй хоёр дахь том ялалт бөгөөд тэдний эрч хүч эрчимтэй нэмэгдэж байгааг илтгэв. Тус мужийг урт хугацаанд удирдсан Мануэла Швезиг (Manuela Schwesig)-ийн Социал Демократ нам (SPD) 35.5 хувийн санал авч, AfD намын дараа хоёрдугаарт оров. Христийн Ардчилсан нам (CDU)-ын хувьд түүхэн сүйрэл болов. Хамгийн гол дуулиан нь одоогийн Германы Холбооны Канцлер Фридрих Мерцийн удирддаг CDU нам ердөө 4.9 хувийн санал авсан явдал юм. Герман улсад парламентад суудал авахын тулд хамгийн багадаа 5 хувийн босго давах ёстой байдаг ажээ. Ийнхүү CDU нам Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа аль нэг мужийн парламентад суудалгүй үлдэх түүхэн шившиг, сүйрэл амслаа. Энэхүү сонгууль нь зөвхөн нэг мужийн асуудал биш бөгөөд Германы Холбооны Канцлер Фридрих Мерцийн улс төрийн карьер, ирээдүйд шууд заналхийлж байна. Түүний хэрэгжүүлж буй эдийн засаг, тэтгэвэр, эрүүл мэндийн шинэчлэлүүд нь ард түмний дунд маш их нэр хүндгүй байгаа бөгөөд намын нөхөд нь түүнийг суудлаасаа огцрохыг шаардаж эхлэв. Хэдийгээр Фридрих Мерц өөрөө “би огцрохгүй, шинэчлэлээ үргэлжлүүлнэ” гэж мэдэгдсэн ч түүний намын дотоод хямрал оргилдоо хүрээд байгааг DW.com онцолж байна. Тэрбээр нөхцөл байдал ноцтой хүндэрснийг хүлээн зөвшөөрч, энэ долоо хоногт Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох айлчлалаа яаралтай цуцлан, Берлинд намынхаа ялагдлын үр дагаврыг намжаахаар үлджээ. Ф.Мерц өөрөө “Би ажлаа үргэлжлүүлж, бүрэн эрхийн хугацаагаа дуусгана” гэж хатуу мэдэгдэж байгаа боловч шинжээчид түүнийг нам дотроосоо шахагдан огцрох эрсдэл 35 хувьд хүрээд байгааг анхааруулж буй. Фридрих Мерц Холбооны канцлерын албаа шууд хүлээлгэж өгөхгүй бөгөөд албан тушаалдаа үргэлжлүүлэн хаших эрхзүйн үндэслэлтэй юм. Учир нь Берлин хотын сонгууль нь зөвхөн тухайн муж улсын (орон нутгийн) засаг захиргааг сонгох сонгууль бөгөөд улсын хэмжээний Холбооны Засгийн газрыг солих үндэслэл болохгүй ажээ. Германы Үндсэн хуулиар канцлерыг Бундестаг (Холбооны парламент) сонгодог бөгөөд орон нутгийн сонгуульд нам нь ялагдлаа гээд канцлер автоматаар огцрох хууль зүйн зохицуулалт байхгүй юм. Ф.Мерцийн удирдсан CDU болон SPD намын Холбооны эвслийн Засгийн газар Бундестагт олонхын суудлаа хадгалж байгаа тул тэрбээр үргэлжлүүлэн ажиллах эрхтэй. Гэсэн хэдий ч энэхүү сонгуулийн үр дүн түүний улс төрийн ирээдүйд маш хүнд цохилт болж, хэдийгээр хууль эрхзүйн үүднээс үлдэх ч, практик дээр түүний байр суурь маш их ганхаж эхэллээ. Өөрөөр хэлбэл Мекленбург-Баруун Померан мужийн сонгууль нь Герман улс даяар уламжлалт консерватив улс төр хүчтэй уналтад орж, хэт барууны (AfD) үзэл баримтлал хүчээ авч байгааг баталсан, Берлиний сонгуулиас ч илүү жинтэй геополитикийн дохио боллоо хэмээн Reuters агентлаг анхааруулав.

Read full article →