Depository of News

Д.Баянмөнх: Лам, бөөд үзүүлснээрээ донтолтоосоо гарчихгүй эсвэл нэг шидтэн кодлоод л зан үйлийн эмгэгийг чинь эмчлэхгүй

newsdepo.com · world

“Амьдралын алхам, сэргэлтийн дуу хоолой” НҮТББ-аас нийгэмд тулгамдаж байгаа донтолтын эсрэг "Сэргэлтийн дуу хоолой үндэсний хөдөлгөөн" зарлаж буйгаа мэдээллээ. 10 гаруй жил архинд донтох эмгэгээр өвчилсөн ч донтолтоо даван туулж чадсан иргэн Д.Баянмөнх өөрт тохиолдсон асуудлыг ярьж, донтох эмгэгээр зовж шаналж буй иргэдийг зөв чиглүүлэх хэрэгтэйг хэлж байв. Тэрбээр донтолтыг даван туулж, архины хамаарлаас ангижирч 16 жил болохдоо өөртэйгөө адил зовлонтой хүмүүст зөвлөгөө өгсөөр өнөөдрийг хүрсэн тухайгаа дурдав. "Архи, мөрийтэй тоглоом, хар тамхи болон бусад төрлийн донтолт бие махбод гэхээс илүүтэй хүний сэтгэц, зан үйлтэй нягт холбоотой байдаг. Зан үйлийн эмгэгийг нэг эм уугаад бүрэн эмчилнэ гэж байхгүй. Гэр бүлийн гишүүнээ архинаас гаргахын тулд лам, бөөгөөр үзүүлдэг тохиолдлууд нэлээд бий. Үнэндээ донтолтыг нэг шидтэн гарч ирээд шидэт саваагаараа дохиод кодолдог гэх ойлголт байхгүй. Зовсон дээрээ зовж мөнгө төгрөг сэтгэл санаагаараа шатаж ингэж битгий зовоосой гэж хүсдэг" хэмээн хэлж байлаа. "Бид хамгийн их тэнэгтсэн, маш хэцүү хүмүүс мөн үү гэвэл мөн" “Амьдралын алхам, сэргэлтийн дуу хоолой” НҮТББ-ын гишүүн Д.Баянмөнх "Би архинд донтох эмгэгээр олон жил өвчилж, зовж шаналж амьдарч үзсэн. Одоо эрүүл амьдралаар 16 жил амьдарч яваа хүн. Нийгэмд маш олон төрлийн донтох эмгэг байна. Тэгвэл донтох эмгэгээс хэрхэн яаж ангижирч, ямар арга замаар эмчлэх боломжтой юм бэ гэдэг зөв замыг энэ зовлонг адилхан туулж яваа хүмүүст зааж, донтох эмгэг бол өвчин гэдгийг нийгэмд таниулж, зөв зүйлийг нийгэмд хүргэх зорилготой. Цаашлаад үндэсний хэмжээнд сэргэлтийн хөдөлгөөн өрнүүлэх зорилготой байна. Архидалтаас гадна хар тамхи, мөрийтэй тоглоом, компьютер тоглоомын дон зэрэг олон төрлийн донтолт байна. Жишээ нь би архинд донтох эмгэгтэй байсан. 10 гаруй жил донтох эмгэгээр өвчилж зовж явсан хүн. Иргэд нийтлэг буруу ойлголттой байдаг. Бид хамгийн их тэнэгтсэн, маш хэцүү хүмүүс мөн үү гэвэл мөн. Мал бол бараг алаад идчих юм сан гэдэг ийм хандлагаар ханддаг нь нууц биш. Хамаагүй зоригтойгоор хэлье. Бараг монгол айл өрх бүрд ийм зовлон бэрхшээлтэй хүн байдаг. Энэ бол манай нийгмийн тэмцвэл зохих, анхаарал тавих ёстой асуудал. Гэр бүлийн нэг гишүүн нь л ямар нэгэн донтолттой байхад амьдрал үнэхээр хэцүү байдаг. Гэхдээ нийгмийн сэтгэл эмзэглэм зүйлсийг зүгээр хараад сууж болохгүй. Би өөрөө энэ бэрхшээл зовлонг туулсны эцэст өнөөдөр 16 жил долоон сар эрүүл архигүй амьдралаар амьдарч, үүнийг даван туулж яваа хүний хувьд зөв замыг хүмүүст хүргэх ёстой гэж бодсон" гэлээ. "Нэг шидтэн гарч ирээд шидэт саваагаар кодолж донтолтоос гаргах ойлголт огт байхгүй" Үргэлжлүүлэн "Донтох эмгэг бол маш адармаатай өвчин мөн. Архи, хар тамхи, дотроо маш олон төрлийн эмийн донтолт ч бий. Мөн зан үйлийн донтолт гэж байдаг. Зан үйлийн хоёр донтолтыг албан ёсоор хүлээн зөвшөөрч бүртгэсэн байгаа юм. Тодруулбал мөрийтэй тоглоом, компьютер тоглоомын донтолтыг бүртгэж аваад үүнийг өвчин гэж зарласан. Манай байгууллагаас нийгэмд хүргэж байгаа гол мессэж нь донтолттой иргэдийг өвдсөн хүн гэдэг талаас нь харцгаая. Энэ бол хайр халамжаар эмчлэгдэхэд маш хэцүү өвчин. Ихэнхдээ хайр халамж зохидоггүй. Архи уудаг ах, дүүгээ унаа машин, орон байраар хангаад ажил төрөлд оруулж бүх л сайн сайхан зүйлсээр хангасан ч эдгэрч чаддаггүй. Тэгвэл ямар арга замаар өнөөдөр донтолтыг эмчилж эдгээж байгаа юм бэ. Тухайлбал архинд донтох F10 ангилалттай хүн яаж эрүүл саруул хүн болох вэ, хэрхэн нийгмийн нэг иргэн болох вэ гэдэг нь маргаантай. Бие махбод төдийгүй, сэтгэц, зан үйлийн өвчин болохоор бие махбодыг мянга эмчлээд ямар ч нэмэргүй. Манай зовлон нэгтнүүдийн гэр бүл нь ч гэсэн донтолтоос нь салгах олон аргыг хэрэглэж заримдаа төөрөлддөг. Архинд орсон аав, ах, дүүгээ гаргахын тулд лам, бөөгөөр үзүүлдэг. Нотолгоо, шинжлэх ухаанд суурилаагүй аргуудыг түгээмэл хэрэглэж байна. Нэг шидтэн гарч ирээд шидэт саваагаар кодолдог шиг ойлголт огт байхгүй. Зовсон дээрээ зовж мөнгө төгрөг сэтгэл санаагаараа шатаж ингэж битгий зовоосой гэж хүсдэг. Зан үйлийн эмгэг учраас "мөрийтэй тоглохгүй болгоно" гэдэг эм тариа хаана ч байхгүй. Өнөөдөр Монголд харилцан туслах бүлгэмүүд нэлээд хөгжиж байгаа. Эдгээр харилцан туслах бүлгэмийн замаар эдгэрдэг аргыг өндөр хөгжилтэй улс орнууд хүлээн зөвшөөрсөн байхад манайд хөгжөөгүй. Гэхдээ өнгөрсөн хавраас мөрийтэй тоглоомын донтолттой хүмүүс бие биедээ харилцан тусалж twelve steps sponsorship аргаар явдаг. Ийм аргыг ашиглан хүн төрөлхтөн донтолтын асуудлаа даван туулж байгаа юм. Зөв замыг зааж өгөхийн тулд хувь хүний нууцыг бид хамгаална. Миний бие 16 жилийн турш зовлон нэгтэй хүмүүстээ тусалсаар ирсэн. Үүнийгээ хэзээ ч ярьж байгаагүй, ярих ч шаардлагагүй байсан. Гэхдээ өнөөдөр олон зуун хүн хандаж байгаа учраас байгууллагын зарчмаар ажиллах ёстой юм байна. Манай байгууллага аливаа улс төр, ямар нэгэн шашны байгууллага биш эсвэл аль нэгэн эмчилгээний байгууллагыг сурталчлахын төлөө ажиллахгүй гэдгийг албан ёсоор хэлье" гэлээ.

Read full article →