"Сэлбэ дэд төвд баригдаж байгаа орон сууцнуудыг энэ намар дулаанд холбоно" гэж мэдээлэв
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 158 га талбай дээр 113 блок бүхий 8,575 айлын орон сууц барих ажлыг нийслэлээс гаргасан гадаад бондын ₮1.6 их наядаар санхүүжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 39 хувьд хүрч, 113 блок барилгаас 100 блокийн ажил зэрэг өрнөж, талбайд 1,456 хүн, 89 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж. НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлснээр орон сууцны дийлэнх блокийн давхрын цутгалт дуусаж, барилгын дотор засал, сантехник, өрлөгийн ажилд шаталсан байдлаар шилжжээ. Түүнчлэн барилгын чанар, урт хугацааны насжилт, аюулгүй байдлыг хангах хөрсний ус зайлуулах (дренажийн) иж бүрэн систем болон гадна инженерийн дэд бүтцийн туршилт, тохируулгын ажлууд хийгдэж эхэлсэн байна. Бүх багц барилга энэ намар фасад, хаалга, цонхоо угсарснаар халаалтаа авах юм байна. Ингэснээр дотор заслын ажил үргэлжлэх боломж бүрдэх гэнэ. "Тус орон сууцнуудын нэг м.кв-ын үнийг тогтоогоогүй, зах зээлийн зарчмаас бага үнээр борлуулах боломжгүй. Худалдан авалтын судалгаагаа хийж байгаа. Метр квадратын үнийг аравдугаар сар хавьцаа НИТХ-д оруулна" хэмээн Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат хэлж байсан юм. Орон сууцны барилгын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх тендерт үндэсний дөрөв, гадаадын хоёр аж ахуйн нэгж ерөнхий гүйцэтгэгчээр шалгаран, ФИДИК гэрээг байгуулжээ.
