САМАРЧИД: Адилхан л таван цаасны төлөө явж байна vs БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ: Ан амьтдын амьдрах орчин гэдгийг бодох хэрэгтэй
Баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл сүүлийн өдрүүдэд нэмэгдсээр байна. Энэ нь идэш тэжээл дутмаг байгаагаас үүдэлтэй гэдгийг албаныхан мэдээлж байсан . Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдол, 2026 оны хуш модны самрын ургалтын судалгааны мэдээг үндэслэн 2026 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэхийг хориглосон байдаг. Байгаль хамгаалагч Б.Даваадалай хэлэхдээ "Бид тусгай хамгаалалттай газрын хууль дүрмийн дагуу хэлж яриад анхааруулга өгч самарчдыг буулгах арга хэмжээ авч ажилладаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар байгалийн дагалт баялгийг олборлох хориотой байдаг. Баавгай, хэрэм болон бусад ан амьтдын амьдрах орчин гэдгийг бодох хэрэгтэй. Зарим тохиолдолд санамсар болгоомжгүй байдлаас үүдэн самарчид ой хээр гал тавьдаг. Тэр болгон очоод унтраах боломжгүй машин техник, мотоцикл очихооргүй газарт түймэр гарсан байдаг" гэлээ. Хууль бусаар самар түүсэн иргэн "Адилхан л таван цаасны төлөө явж байна. Самар түүх хугацааг мэдэхгүй. Хүмүүс самарт яваад байхаар нь л явсан" гэдэг тайлбарыг өгчээ. Хуш модны самрыг зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэх, худалдах, тээвэрлэх нь байгальд учруулсан хохирлоор дуусахгүй. Хууль зөрчсөн үйлдэл бүр хариуцлага дагуулна гэдгийг анхааруулж байна.
