Сингапурын автобусанд хөгжим чанга дуугаар тоглуулбал торгуулдаг журамтай болжээ
Сингапурт автобусны зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах зорилготой шинэ дүрэм журам энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлжээ. Тухайлбал хөлөө суудал дээр тавих, чанга дуугаар хөгжим тоглуулах, идэж, уух, хог хаях зэрэг үйлдэлд 500 хүртэл сингапур долларын ($391) торгууль ногдуулахаар болсон байна. Харин автобус болон автобусны терминал дотор бусад зорчигчдод аюул, саад учруулах, эвдэн сүйтгэх, бохирдуулах зэрэг ноцтой зөрчил гаргавал арав дахин өндөр дүнгээр буюу 5,000 хүртэл сингапур долларын торгуулиар шийтгэдэг болжээ. Хуурай Газрын Тээврийн Захиргаа шинэ журмын тухай мэдэгдэлдээ “Уг арга хэмжээ нь нийтийн тээврийн орчныг бүгдэд аюулгүй, харилцан хүндэтгэлтэй, тааламжтай болгоход хувь нэмэр оруулах юм” гэж тайлбарласан байна. Ингэснээр автобусанд үйлчилдэг журам нь Сингапурын метро буюу MRT (Mass Rapid Transit) системд үйлчилдэг журамтай ижил болж байгаа юм. MRT системд ийм журам эртнээс хэрэгжиж эхэлсэн ч автобусанд үйлчилдэггүй байжээ. Зөвхөн тухайн автобусыг эзэмшигч нийтийн тээврийн компанийн тогтоосон дотоод дүрэм үйлчилж, зохисгүй ааш авир гаргасан зорчигчийг жолооч албадан буулгах арга хэмжээ авдаг байв. Харин одоо автобусанд гаргасан таагүй үйлдлүүд шууд торгуулиар шийтгүүлэх хууль ёсны зөрчил болж байна. Шинэ дүрмээр тасалбар шалгагч, автобусны буудлын ажилтан зэрэг эрх бүхий хүмүүс зөрчил гаргасан зорчигчдод торгуулийн хуудас өгдөг болжээ. Автобусны жолооч нарт ийм эрх олгоогүй бөгөөд тэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох үндсэн үүргээ биелүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх юм байна. Гэхдээ тэд бас зөрчил гаргасан зорчигчдод шаардлага тавих, шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд автобуснаас буулгах, бүр ноцтой тохиолдолд цагдаад дуудлага өгөх эрхтэй хэвээр үлджээ. Сингапур нь нийтийн тээврээ аюулгүй, таатай орчин болгох арга хэмжээ авсан анхны улс биш юм. Энэ оны эхээр Польшийн Краков хотын захиргаа үүнтэй ижил төстэй дүрэм журам танилцуулж, зөрчсөн тохиолдолд 200 злотын ($52) торгууль ногдуулахаар болсон юм. Торгуулах үйлдлүүдэд хөгжим чанга дуугаар тоглуулах, чихэвчгүйгээр видео үзэх зэрэг зөрчлүүд багтжээ. Эх сурвалж: BBC
