А.Цэрэнпунцаг: Шөнийн марафонд оролцож буй иргэд хурдан гүйхээсээ илүүтэй дулаахан улирлаа үдээд тухайн мөчийг мэдрэх нь чухал юм
Есдүгээр сарын 26-ны Бямба гарагт нийслэл хотод анх удаа шөнийн марафон зохион байгуулах гэж буй. Энэ тухай марафоныг зохион байгуулагчдын төлөөлөл, портал.мн сайтын гүйцэтгэх захирал А.Цэрэнпунцаг "Шөнийн марафон 5, 10, 25 километрийн зайд болно. Сүхбаатарын талбайгаас гараа эхэлж Имарт худалдааны төвийн уулзвар, тус уулзвараас 120 мянгатын уулзвар, Маршалын гүүр, Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замын төгсгөл хүртэл дөрвөн маршруттай. Шөнийн марафоныг хувийн хэвшлээс зохион байгуулж байгаа юм. Гаднын улсуудад зохион байгуулдаг эвентийг Улаанбаатар хотод зохион байгуулж, хотыг харуулах зорилгоор гадаадад олон жил амьдарч байгаад ирсэн залуус санаачилсан. Энэ жил анх удаагийнх болохоор цөөн тооны хүмүүсийг оролцуулж, аюулгүй ажиллагаа, зохион байгуулалтын туршлага хуримтлуулах зорилгыг тавьж байна. Шөнийн марафонд оролцох хүсэлтэй ч бүртгэлээс хязгаарлагдсан иргэдээсээ хүлцэл өчье. Өдрийн марафон гүйлт эрүүл мэнд чиглэлд байдаг бол шөнийн марафон нь энтертайнмент, дуу хөгжим DJ-ээр онцлогтой. Гүйлтийн маршрутын дагуу олон газарт хөгжим болон тохижилтыг хийсэн байгаа. Гүйлтэд оролцож буй иргэд хурдан гүйхээсээ илүүтэй дулаахан улирлаа үдээд тухайн мөчийг мэдрэх нь чухал юм" хэмээн ярилаа. Ирэх Бямба гарагт шөнийн марафон 17:00-23:00 цагийн хооронд болох юм байна. Гүйлтийн төрөл нь 5км, 10км, 21км бол 16 ба түүнээс дээш насны иргэдийг оролцуулах бол бүртгэлийн хураамж нь 29,000, 79,000, 100,000 төгрөг байна.
