Depository of News

Дизель түлшний үнийн өсөлтийг хязгаарлахын тулд экспортын хориг тавихыг дэмжиж байгаагаа Дональд Трамп мэдэгдэв

newsdepo.com · world

Дональд Трамп эрчим хүчний үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор АНУ-ын зарим улс төрчдийн санал болгож буй дизель түлшний экспортын хоригийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Орос, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн экспорт Иран, Украины дайнуудын улмаас эрс буурснаар Европ, АНУ-ын зах зээлд дизель түлшний үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна. Мягмар гарагийн байдлаар АНУ-д нэг галлон (3.8 литр) дизелийн үнэ $6.53 болсон нь түүхэн дээд хэмжээ бөгөөд жилийн өмнөхөөс 75 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. “Надад дизель түлшээ гадагшаа гаргахгүй байх санал тавьсан. Бид маш их хэмжээний дизель үйлдвэрлэдэг. Би үүнийг дэмжсэн, өөрийн хүмүүстээ ч хэлсэн” гэж Трамп өчигдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахаасаа өмнө сэтгүүлчдэд хэлжээ. АНУ-ын сангийн сайд Скотт Бессент мөн энэ үеэр ”Бид газрын тос боловсруулах нийт хүчин чадлын хувьд энэ нь боломжтой эсэх, бас бүрэн болон хэсэгчилсэн экспортын хориг үр дүнтэй байж чадах эсэхийг судалж байна” гэж мэдэгдсэн юм. Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд довтлохоо зогсоохыг Зеленскийгээс Трамп хүссэн тухай эх сурвалжууд өмнө нь мэдээлж байсан. Орос улс “харамсалтай нь дизель түлшний салбараа хяналтаас алдсан” гэж Трамп сошиал хуудсандаа бичиж байв. Конгрессын завсрын сонгуульд өрсөлдөж буй Бүгд Найрамдах Намын зарим улс төрчид Америкчуудын амьжиргааны зардлыг бууруулахын тулд дизель түлшинд экспортод хориг тавихыг Трампын засаг захиргаанд уриалж байгаа юм. “Айова мужийн ард иргэд хүнд байдалд байна. Тэд Ираны дайны төлөөсийг шатахуун түгээх станц, эсвэл кассын дараалалд зогсохдоо төлөх ёсгүй. Өндөр үнийн дарамтыг хөнгөвчлөхийн тулд бид боломжтой бүх арга хэмжээг авах ёстой” гэж Айова мужаас Сенатын суудалд өрсөлдөж буй Бүгд Найрамдах Намын гишүүн Эшли Хинсон сошиал хуудсандаа бичжээ. Гэхдээ Америкийн Түлш, Нефть-Химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн Холбоо экспортын хориг нь хүсэн хүлээж байгаагаас эсрэг үр дүн авчрах эрсдэлтэйг анхааруулсан байна. НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр Зеленскийтэй уулзахдаа Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд довтлохоо зогсоохыг хүсэх гэж байгаагаа Трамп сошиал хуудсаараа мэдэгджээ. “Энэ нь Оросын талд төдийгүй дизель түлшний үнэ ханшийн хувьд том цохилт болж байгаа” гэж тэр бичсэн байна. Эх сурвалж: AFP

Read full article →