Г.Отгонтамир: Есдүгээр сарын 26-ны 07:00-18:00 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл автомашингүй байна
Есдүгээр сарын 26-ны Бямба гарагт автомашингүй өдөр байх бөгөөд хязгаарлалтын талаар НЗДТГ болон Тээврийн Цагдаагийн албанаас өнөөдөр(2026.09.22) орой хэвлэлийн хурал зохион байгууллаа. Бямба гарагт шөнийн марафон 17:00-23:00 цагийн хооронд болох юм байна. Автомашингүй өдөр замын хөдөлгөөнийг хэрхэн хязгаарлах талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Есдүгээр сарын 26-ны Бямба гарагт нийслэл хотод автомашингүй өдөр арга хэмжээг зохион байгуулах бэлтгэлийг хангаад байна. Ирэх Бямба гарагт 07:00-18:00 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл Өгөөжийн уулзвараас Сөүлийн гудамж, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар, Цаг уурын уулзвараас Төрийн ордон, Чингис хааны музей, МУИС, ШУТИС, МУБИС-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Харин хязгаарлалтын бүсэд оршин суудаг иргэд урд өдөр нь автомашинаа тухайн бүсээс гаргахыг зөвлөж байна. Хязгаарласан бүсэд цахилгаан скүүтэр, мопед, суррон оруулахгүй. Энэ жилийн хувьд өдрийн арга хэмжээний үеэр хязгаарлалтын бүсчлэл багассан. Шөнийн марафоны 5, 10, 21 километрийн гүйлтийн үеэр цагдаагийн байгууллагаас олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Иргэд хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг уриалж байна" гэж мэдээллээ.
