Монголын парламент шившгийн хөндийдөө гацлаа
“Сахил хүртээд шал дордов” гэгчээр ард түмний төлөөллийн эрхийг хангана, олон намын тогтолцоотой болсноор нэг намын дарангуйллаас гарна, парламентын нэр хүнд өснө хэмээж холимог тогтолцоог оруулж ирсэн парламент сэхэл авахаасаа нэгэнт өнгөрч шившгийн хөндийдөө гацлаа. Намын даргын үзэмжээр оруулж ирдэг жагсаалт гэгч нь чухамдаа улс орны нийтлэг эрх ашгийн төлөөх том төслүүдийг хөдөлгөгч хүч бус томилсон эзэндээ хэлбэрлэлтгүй үйлчилдэг эрх ашгийн цулбуур болж, том сургууль төгссөн гэгдэх хэсэг бүлэг нь хулгай луйвар, хуудуутай үйлдлээ хайцаалахын төлөө Монгол төрийн үйл ажиллагааг тасралтгүй долоо хоног гацаалаа. Хуульзүйн сайдыг л томилох гэж гурав хонож буй тэднээс алсдаа ард түмний эрх ашгийг хамгаалах бодлого, шийдвэр гарна гэж хүлээгээд ч нэмэргүй болжээ.
