Нийслэл орчимд баавгай үзэгдсэн тохиолдолд 11-310005 болон 72720303 дугаар руу мэдэгдээрэй
Нийслэл орчимд баавгай үзэгдсэн тохиолдолд 11-310005 дугаарын утас руу мэдэгдэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. Есдүгээр сарын 21-ний үүрээр нийслэл хотын суурьшлын бүсүүдэд баавгай орж ирсэн мэдээллийн дагуу хяналт шалгалт, эрэн хайх ажиллагааг Нийслэлийн Байгаль орчны газар, Онцгой байдлын байгууллага болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулж байгаа юм. Зэрлэг араатан амьтан учраас байгалийн бартааг бараадаж байгаа гэж таамаглаж байгаа бөгөөд хэрэв иргэд баавгайтай тааралдвал ойртолгүйгээр холдоод Нийслэлийн онцгой байдлын утас руу мэдэгдээрэй гэв. Үргээж айлгах болон өөрсдөө барьж авах гэж оролдохгүй байхыг хатуу анхаарууллаа. Баавгайтай таарсан тохиолдолд: Ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газар 72720303 Ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү. Нийслэлийн хэмжээнд 2016 оны үед баавгай орж ирсэн хэд хэдэн тохиолдол гарч байсан байжээ. Энэ жилийн хувьд самар жимс ховор байгаатай холбоотойгоор баавгай уулнаас буусан дуудлага мэдээлэл улсын хэмжээнд 80 гаруй, нийслэлийн хэмжээнд 10 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
