С.Батсайхан: Нисэхийн авто зам доогуурх үерийн ус зайлуулах хоолойг өргөтгөж байна
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн барилга угсралтын ажлын үеэр авто замын хөдөлгөөнийг хаагаад байгаа. Ажлын явцын талаар "Геодези Усны Барилга, Байгууламжийн Газар" ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан "Нисэхийн үерийн хамгаалалтын суваг 1970-1980 оны үед баригдсан. Авто зам доогуур 1х1 хэмжээтэй хоёр хос хоолой суурилуулсан нь Жаргалантын амны үерийн усыг зайлуулах боломжгүй байгаа юм. Энэхүү хоолойг 1.5х2 хэмжээтэй дөрвөн хос хоолойгоор сольж, өргөтгөж байна. Нисэхийн үерийн хамгаалалтын сувгийн эхлэл рүү Жаргалантын амны ус зайлуулах шугамын 1.8 километр урттай, 1, 2 дугаар сувгийг холбосон юм. Ингэснээр Нисэх болон Жаргалантын амны үерийн ус авто зам доогуур саадгүй гардаг болно. Есдүгээр сарын 18-наас эхлэн уг даланг шинэчлэхээр ГУББГ-ын баг 24 цагаар ажиллаж байна. Нисэхийн үерийн хамгаалалтын далангийн орчимд өндөр хүчдэлийн шугамд кабель сүвлэсэн асуудал гарсан. Үүнийг шилжүүлэх, зөөвөрлөх зэрэг нь ажлыг гүйцэтгэх хугацаанд удаашрал бий болгодог. Авто зам хаасан хугацаанд иргэд хүлээцтэй хандаж, өөр замыг сонгож бидний ажлыг дэмжинэ гэдэгт итгэж байна" гэв.
