Хэвлэлүүдийг Цагаан ордонд нэвтрүүлэхийг хориглосны хариуд Америкийн телевизүүд Трампын мэдээг "блоклов"
Америкийн томоохон телевизийн сувгууд Даваа гарагаас эхлэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын оролцсон үйл явдлуудыг сурвалжлахаа түр зогсоожээ. Үүний шалтгаан нь өнгөрсөн долоо хоногт Трампын шийдвэрээр хэвлэл мэдээллийн томоохон гурван агентлагийн ажилтнуудыг Цагаан ордонд нэвтрүүлэхийг хориглосонтой холбоотой юм байна. Хоригт орсон CNN, MS NOW сувгууд болон Politico сайт одоо шүүхэд хандаад байгаа юм. “Энэхүү хориг нь Үндсэн Хуулийн Нэгдүгээр нэмэлт өөрчлөлтөд (үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө) шууд халдсан үйлдэл төдийгүй Үндсэн Хуулийн суурь зарчмуудыг илт зөрчсөн хэрэг юм” гэж тэдний шүүхэд гаргасан нэхэмжлэлд өгүүлжээ. Үүний дараа CNN-ийг оролцуулаад АНУ-ын телевизийн томоохон таван суваг Цагаан ордны үйл ажиллагааг сурвалжлахаас түр хугацаанд татгалзаж байгаагаа зарласан байна. “Олон нийт засгийн газрынхаа талаар үнэн зөв, хараат бус мэдээлэл авах амин чухал сонирхолтой байдаг. Аливаа засаг захиргаа нь хэвлэл мэдээллийн байгууллагын нийтэлсэн мэдээ мэдээлэлд сэтгэл дундуур байгаагийнхаа төлөө тэдний үйл ажиллагааг хязгаарлаж болохгүй” гэж ABC, CBS, CNN, Fox, NBC сувгуудын хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ. Бойкотын улмаас энэ долоо хоногт Нью-Йорк хотод зохион байгуулагдах НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд Трамп оролцохтой холбоотой үйл явдлуудыг дээрх сувгууд сурвалжлахгүй болж байна. Трамп энэ чуулганы үеэр дэлхийн олон орны төрийн тэргүүнүүдтэй уулзах юм. Гэсэн хэдий ч 80 настай ерөнхийлөгч байр сууриа хамгаалж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг үндэсний аюулгүй байдалд заналхийлэгч хүч, “хорт хавдар” гэх зэргээр шүүмжилжээ. “Цагаан ордны зүгээс миний эрхэмлэн дээдэлдэг хэвлэлийн эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Харин ч энэ нь бидний хайртай Америкийн Нэгдсэн Улсад хорт хавдар мэт газар авсан ХУУРАМЧ МЭДЭЭ-ний эсрэг тэмцэл юм” гэж Трамп сошиал хуудсандаа бичсэн байна. Баасан гарагт Трамп хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хориг тавихдаа тодорхой шалтгаан тайлбарлаагүй юм. “Энэ үнэндээ сүүлийн хоёр жилийн хугацаанд хуримтлагдсан зүйлсийн үр дүн. Тэд Бүгд Найрамдахчууд болон Бүгд Найрамдахчуудын засаг захиргааг дорд үзсээр ирсэн” гэж тэр хэлжээ. Ингэхдээ тэр бас бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ижил хоригт орж болзошгүйг анхааруулсан байна. Реалити шоуны од асан Трамп эртнээс өөрийнх нь сонгуулийн кампанит ажлууд, засаг захиргааг шүүмжилсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй тэмцсээр ирсэн түүхтэй. Тэр хоёр бүрэн эрхийн хугацааныхаа аль алинд өөрийнхөө амжилт бүтээлийг “хангалттай сайн мэдээлээгүй” хэмээн хэвлэлүүдийг буруутгаж байв. Трамп бас өөрт нь таалагдаагүй сэтгүүлчдийг хэл амаар болон сошиал хуудсаараа доромжилж байсан арвин түүхтэй ерөнхийлөгч юм. Эх сурвалж: AFP
