Depository of News

Украины ерөнхийлөгч Зеленский, АНУ-ын Тагнуулын Төв Газрын дарга Рэтклифф нар Ирландад уулзжээ

newsdepo.com · world

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский, АНУ-ын Тагнуулын Төв Газрын (CIA) дарга Жон Рэтклифф нар Ирланд улсын Шеннон нисэх онгоцны буудалд уулзсаныг албаны хоёр эх сурвалж мэдээлжээ. Уулзалт Даваа гарагт болсныг нэг эх сурвалж нь мэдээлсэн байна. Харин нөгөө эх сурвалж нь онгоцнууд түлш цэнэглэж байх зуур тэд албан бусаар ярилцсаныг баталсан ч хэзээ гэдгийг хэлээгүй юм. Маш нууц асуудал тул эх сурвалжуудын аль аль нь Зеленский, Рэтклифф нарын ярианы агуулгыг задруулахаас татгалзжээ. Зеленский өчигдөр НҮБ-д жил тутам болдог дэлхийн удирдагч нарын чуулга уулзалтад оролцохоор явсан юм. Харин Рэтклифф энэ өдөр Египетийн ерөнхийлөгч Абдель-Фаттах эль-Сиситэй уулзсаныхаа дараа буцаж явжээ. Нэг сар хүрэхгүй хугацааны өмнө Рэтклифф урьдчилан зарлалгүйгээр Москвад айлчилж, Оросын холбогдох албаныхантай уулзсан юм. Москвад чухам юу ярьсан талаар Рэтклифф, Тагнуулын Төв Газрын аль нь ч нийтэд мэдээлэл өгөөгүй. Зеленскийн уулзалтын талаар мэдээлэл өгсөн эх сурвалжуудын нэг “Москвад айлчлахдаа Рэтклифф тав дахь жилдээ үргэлжилж буй Украины дайны асуудлыг хэлэлцсэн”-ийг баталсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Рэтклифф айлчлалынхаа үеэр Оросын дайны нөхцөл байдлын талаар өөрийн байгууллагын хийсэн нэлээд тааруу үнэлгээг танилцуулж, байр сууриа сулрахаас өмнө тохиролцоонд хүрэхийг Москвагийн эрх баригчдад уриалсан тухай Нью-Йорк Таймс сонин өнгөрсөн сард мэдээлж байв. Эх сурвалж: Reuters

Read full article →